Үндсэн зорилт нь бага дунд орлоготой иргэддээ чиглэж байгаа. Ингэснээр гэр хорооллууд цөөрч, хот барилгажсанаар агаарын бохирдол буурах, иргэдийн амьдрал амьжиргаа дээшлэх, цаашлаад барилгын салбар хөгжих, ажлын байр бий болох гэх мэт маш олон ач холбогдолтой. Хөтөлбөр батлагдсан нь яах аргагүй зөв, түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах нь. бас л зөв зүйтэй бодлого.
Гэхдээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ маш болгоомжтой хандахгүй бол хэдэн жилийн дараа 2008 оны америк шиг санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэх вий дээ. Америк бол тэртээ тэргүй том эдийн засаг учраас хямралыг даваад гараад ирчихсэн. Харин Монгол шиг дөнгөж хөгжиж байгаа эдийн засагт гэнэтийн ийм цохилт орж ирвэл яах вэ гэдгийг ёстой хэлж таашгүй нь. Өнгөрсөн сард Монголбанкны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргал хэвлэлийн хурал зарлах үеэрээ "Эхлээд сайн моргейжээ хэрэгжүүлж, чанартай, эргэн төлөгдөх найдвартай зээл олгох хэрэгтэй" гэж хэлж байсан нь санаанд орлоо.
Сайн зээлд үндэслэн моргейжийн зах зээлийг хөл дээр нь босгосныхоо дараа зорилтот бүлэг буюу бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой гэж Н.Золжаргал захирал хэлжээ. Харин манай Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр яг эсрэгээрээ буюу эхний ээлжинд бага, дунд орлоготой эсвэл бүр дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд зориулагдаж байгаа. Товчхондоо бол нийгмийн хамгийн эмзэг, ядуу хэсгийг хүчээр шахуу орон сууцтай болгох тухай асуудал гэлтэй. Нийгмийн энэ хэсэг хамгийн гол нь зээлийн харилцаанд орсон туршлага багатай, банкны зээдээ төлөх нь битгий хэл олж байгаа орлогоо ч амьдралдаа олигтойхон хүргэчихэж чаддагүй байх нь бий.
Тийм ч учраас дөнгөж хөгжих гэж байгаа моргейжийн зах зээлийг дампууруулчих вий гэж болгоомжлоод байна. Өөрөөр хэлбэл, бага, дунд орлоготой иргэдэд чиглэгдэж байгаа хөтөлбөр учраас олгогдсон зээлүүд эргэн төлөгдөх магадлал тийм ч өндөр хувьтай биш байна. Банкууд өнөөдрийг хүртэл "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд шуурхайлан оролцож өгөхгүй байгаагийн шалтгаан ердөө л энэ шүү дээ. Ямар ч банк эрсдэлтэй зээл олгохыг хүсэхгүй.
No comments:
Post a Comment